Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Archive for the ‘Сувд…өөртөө л зориулав’ Category

БИ ба “БИ”

Posted by suvdan on 3 сар 14, 2011


Саяхан David Baldacci – ийн Absolute power хэмээх зохиолыг нь уншиж дуусгалаа. Ойрд уншаагүй зохиолын ном. Ер нь л онолын чиглэлийн хатуу үгтэй ном уншдаг надад бол ойрд амтлаагүй шинэ амт байлаа.  Зохиолд нэгэн ерөнхийлөгчийн үйлдсэн аллагыг санаандгүй байдлаар нэгэн дээрэмчин олж харан гэрч болдог тухай юм л даа. Тэр ерөнхийлөгч олон нийтийн өмнө төгс төгөлдөр хэн нэгний дүрийг бүтээх хэдий ч гэтэл яг үнэн дээрээ санхүүгийн дэмжигчийнхээ эхнэртэй явалдаж байгаад түүнийг зүй бусаар хороож түүнийгээ бусармагаар нуух гэж оролддог тийм л хүн байдаг. Ийнхүү бүхий л хэргээ нөгөө гэрч болсон дээрэмчинд тохсоноор Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний ерөнхийлөгч болон цагдаагийн газар бүртгэлтэй дээрэмчин хоёрын тэмцэл эхэлдэг тухай юм.

Ер нь хүмүүс бүгд л нийгмийн амьдралдаа мэргэжлийн бус жүжигчний ажлыг байнга л хийж байдаг юм шиг. Бидний хийж буй ажил, гүйцэтгэж буй үүрэг, өмссөн хувцас, уншдаг ном, барьсан цүнх, түрхсэн сүрчиг  биднийг магадгүй өөрсдийн минь жинхэнэ ертөнцөөс хэт их холдуулаад байх мэт. Хэнд ямар харагдахыг хүснэ тэр дүрдээ тохирсон үйлдлийг өөрөөсөө гаргана. Би ч гэсэн магадгүй өөрийн мэдэлгүй тийм төрхийг гаргадаг л байх. Хөөрхөн харагдахыг хүссэн хүндээ сайхан харагдахыг хичээж, ухаантай харагдахыг хүссэн хүнтэйгээ ухаалаг яриа өрнүүлж,  энхрийлүүлэхийг хүссэн хүндээ ялдам ааш гаргаж…

Гэтэл энэ бүх дүрийн минь цаана байх намайг чамайг биднийг бодитоор нь харж чадах хүмүүс хэр олон байх бол… Өөрийнхөө ертөнцийг олон давхар хувцасны цаана нуусан өнөөгийн биднээс хэзээ ямар ааш яаж гарахыг таах аргагүй санагдана.  Тэр нь тэгээд хэнд яаж нөлөөлөхийг бүү мэд…. Биднийг байгаагаар минь харж байгаагаар минь хүлээж авах тэр нэг хүн байгаа болов уу… Будаггүй миний төрх баггүй бидний ааш арын хаалгагүй бидний ажлыг тэр хүн, энэ нийгэм хачиргүйгээр байгаагаар нь хүлээж авч чадах болов уу…. Эдгээр жүжиглэлт л биднийг нийгмийн өмнө арчаагүй сул амьтан болгоод байгааг бид өөрсдөө үнэхээр анзаарахгүй байх шиг… Өөрсдийнхөө үнэн төрхөөр өөрийгөө илэрхийлж чадвал жинхэнэ хүндлэл, эрх чөлөөг олж авч чадна. Гэтэл тархины минь гүнд айдас оршсоор л… Би үнэхээр өнөөдрийн би мөн болов уу…Жинхэнэ би надаас өөр бол яах бол?

Б.Сувд

Posted in Сувд...өөртөө л зориулав | Leave a Comment »

Хамгаалагдсан: Заримдаа зүгээр л хаягдах гоё

Posted by suvdan on 1 сар 29, 2010

Энэ агууламж нууц үгээр хамгаалагдсан. Үүнийг харахын тулд нууц үгээ доор оруулна уу:

Posted in Сувд...өөртөө л зориулав | Сэтгэгдлүүдийг үзэхийн тулд нууц үгээ оруулна уу.

Малчин Сувдын бодол

Posted by suvdan on 1 сар 4, 2010

Би гэдэг хүн хөдөө газрын амьдрал гэдгийг бараг л мэдэхгүй хүн… Өвөө эмээ маань аль аль нь хотод ажил төрөлтэй гэрийнхэн маань бүгдээрээ л хот газрын амьдралд дассан хүмүүс. Мал хуй бол миний амьдралаас бүүр ч хол асуудал. Яахав монгол уламжлал, монгол наадгай тэр дундаа оньсон тоглоом, нүүдэлчин сэтгэлгээний тухай бол тайлбарлагч хүний хувьд бага сага зүйлсийг бол мэднэ л дээ. Магадгүй та одоо гайхаж багаа байх. Ийм хүүхэд яагаад гэнэт малчин болчихов оо гэж?

76 шинэ хуучин ухна ишигнүүдийнхээ үйл хөдлөлийг харсаар байгаад бүүр нэг хэзээний малчин сэтгэлгээтэй  болж дууслаа.  Хөөрхий тэр муусайн 76 ишигхэнүүд минь нэг хүн юм даа гэчихээр зүйл ховорхон хийдэг болж дээ.

Манай муусайн ишигнүүд чинь одоо бол тербумтан ишигнүүд шүү дээ. Дүн өвлийн хүйтнээр татвар төлөгчдийн халааснаас хулгайлсан тербум тербум мөнгөөрөө халаалт сайтай хашаа саравч хийлгэчихээд, хэдэн арван жилийн өвсний нөөцөө базаачихаад сууж байх юм. Малчин нь мөртлөө л бид нар малнуудаасаа муу нөхцөлд амьдарч байгаадаа заримдаа гутрах юм даа… Хөөрхий малчдын амьдралаа гэж……

Б.Сувд

Posted in Нийгэм Улс төр Эдийн засаг, Сувд...өөртөө л зориулав, Шүүмжлэлт өнцгөөс... | Leave a Comment »

Сувдаагийнх нь мэндчилгээ

Posted by suvdan on 12 сар 29, 2009

Юуны өмнө эрхэм хүндэт зочид, анд нөхөд блоггерууддаа энэ өдрийн мэндийг хүргэе?  Хуучин 2009 он улиран одож 2010 он гарах гэж байна. Энэ жил найзынх нь амьдралд олон сайхан зүйлс тохиолдсон боловч тэр дундаас өөрийн блогоо нээж та нартайгаа сэтгэгдэлээ хуваалцах болсон нь миний хувьд хамгийн том баяр байлаа. Өөрийнхөө хувьд бас нэгэн шинэ ертөнц, шинэ хүрээлэл, шинэ найзуудыг бий болгосондоо машид талархалтай хандаж байна.

Та бүхэнтэйгээ өөрийнхөө бодол санаагаа хуваалцаж шинэ бичлэг оруулах болгондоо ертөнцийн нөгөө буланд надаас хол зайд хэн нэгэн миний бодлыг сонсож надад сэтгэгдэлээ алсын зайнаас хуваалцаж байгааг мэдрэх ямар сайхан байдаг гээч…

Надтай өөрсдийн санал бодлоо солилцож, цаг гарган миний бодлыг хуваалцдаг та бүхэндээ маш их хайртай шүү.

Ирэх 2010 ондоо аз жаргал, сэтгэл ханамжаар дүүрэн эрүүл энх байхын ерөөлийг та бүхэндээ дэвшүүлье… 2009 онд тохиолдсон бүхий л гунигтай дурсамжаа мартаад 2010 оноо эрч хүчээр угтан авч бүхнийг шинээр эхэлцгээе…

Хүндэтгэн ёсолсон: Б.Сувд

P.S: өвлийн өвөөгөөс бүгдээрээ гоё бэлэг авах болтугай…хэхэ

Posted in Сувд...өөртөө л зориулав | 2 Comments »