Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Archive for the ‘Нийгэм Улс төр Эдийн засаг’ Category

Аль Кайда бүлэглэлийн тухай толилуулж байна-2

Posted by suvdan on 4 сар 7, 2010

Байгууллагын бүтэц

Хэдийгээр одоогийн Ал Кайдагийн бүтэц зохион байгуулалтын тухай мэдээлэл тодорхой бус ч гэсэн АНУ Жамал ал-Фадлаас олж авсан мэдээллийн дагуу энэ байгууллагын хэрхэн тогтдог талаархи бүдэг бадаг мэдээлэлтэй болж авсан.

Удирдагчид

Осама Бин Ладен нь эмир бөгөөд Ал-Кайдагийн үйл ажиллагааны ахлах удирдагч тэргүүн юм. Бин Ладенг Өрнөдийн албаны 20-оос 30 хүнээс бүрдсэн Ал-Кайдагийн ахлах мэргэжилтингүүдийн ШУРА-гийн Зөвлөлөөс санал болгожээ. Аяман Ал-Завахири бол Ал кайдагийн дэд тэргүүн Осамагийн туслах юм. Абу Мусаб ал-Заркави Ирак дах Ал Кайдагийн ахлах тэргүүн байсан боловч нууц байр нь бөмбөгдөлтөнд өртсөний улмаас нас барсан учир Абу ал-Масри түүний халааг авсан. Read the rest of this entry »

Posted in Гадаад ертөнцөд, Нийгэм Улс төр Эдийн засаг | Leave a Comment »

Аль Кайда бүлэглэлийн тухай толилуулж байна…

Posted by suvdan on 4 сар 7, 2010

Юуны өмнө эрхэм зочин таны энэ өдрийн амгаланг айлтгая. Энэ удаа миний бие та бүхэнд олон улсын алан хядах бүлэглэл болох Аль Кайдагийн талаар мэдээллийг цувралаар хүргэхээр бэлтгээд байна. Ер нь монгол цахим хуудсуудаар хайгаад үзэхээр Аль Кайда бүлгийн талаархи өдөр тутмын сонин сэтгүүл дээрхи мэдээллүүд л байдаг болохоос биш яг Аль Кайдагийн түүх, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа гэх мэт нарийн мэдээллүүд байдаггүй юм байна лээ. Тийм учраас энэхүү орчуулгын материалаа та бүхэнд хэрэг болно байх гэж найдаж байна.

Түүх

Судлаачид үзэхдээ Алькайда бүлэглэлийн түүхэн хөгжлийг 5 үед хуваан авч үзэж байна.

  • 1980-аад оны сүүлчээр буюу эхлэл үе
  • 1990-1996 он буюу өршөөлгүй үе
  • 1996-2001 он буюу хөгжил цэцэглэлийн үе
  • 2001-2005 он буюу цахим сүлжээний эрин
  • 2005-өнөөг хүртэлх буюу хагарлын үе

Алькайда бүлэглэл Пакистанд анх байгуулагдсан нь

1988 оны 8 сарын 20-нд Бин Ладины хийж байсан уулзалтуудын тэмдэглэлүүдээс харахад Алькайда бүлэглэл тэр үедээ албан ёсны бүлэглэл байсан нь харагдаж байгаа юм. Read the rest of this entry »

Posted in Гадаад ертөнцөд, Нийгэм Улс төр Эдийн засаг | 5 Comments »

Цэргийн албаа хаацгаая л даа эрчүүдээ?

Posted by suvdan on 1 сар 11, 2010

Сүүлийн хэдэн жилд манай Монголд цэргийн албыг хүслээрээ хааж, Монгол эр хүн гэдгээ батлах эх орондоо хайртай залуус ердөөсөө байхаа больжээ. Өнөөгийн нийгэмд манай монголын эрчүүд солонгос киноны жүжигчин шиг болохыг л хүсдэг болчихсон юм шиг санагдах юм.

Өнөөдөр миний эргэн тойронд цэргийн алба хаасан нэгэн үеийн залуус ердөөсөө ч алгаа. Дэндүү харамсалтай юм. Яахав сүүлийн үед цэргийн алба хаах талаар зарим нэгэн муу мэдээ сонсогдож л байна л даа гэхдээ энэ нь нийтийг хамарсан зүйл биш шүү дээ. Эр хүн болж төрсөн л бол эр цэргийн алба хааж, нэгэн үеийн цэргийн андуудтай болох нь уг нь бахархалтай л зүйл баймаар юм. Гэтэл үүний оронд хэдхэн төгрөг төлөөл өөрийгөө цэргийн албанаас чөлөөлүүлчихдэг болчихож. Эх орон чинь таны тэр хэдэн төгрөгөөр хэзээч дутахгүй харин эх орон чинь таниар дутна шүү дээ залуус минь.

Ер нь тэгээд ч Монгол улс 2 их гүрний дунд оршдог. Бид түүхэндээ энэ 2 орны тоглоом, дэнчин нь болж л ирсэн тэгэхлээр хэзээ ч юу ч болоо билээ? Хэн мэдэх вэ дээ? Өнөөгийн энэ нийгэмд бид НҮБ байхад бид зүгээр гээд суугаад байх цаг аль хэдийн өнгөрсөэ мэт. Хэдхэн жилийн өмнө л гэхэд АНУ ЕА-н шийдвэрийг хэрхэн зөрчиж байхыг дэлхий нийтээр хараа биз дээ. Ингээд бодоод үзэхээр Хятад ч юм уу ОХУ хэзээ нэгэн цагт тийм байдал гаргах ч юм билүү(яахав хийсвэр сэтгэлгээ) Үнэхээр байдал муугаар эргэвэл монголд баахан л LV, BOSS, ARMANI ярьсан цэргийн бэлтгэл ч хийж үзээгүй балинч нар л байх юм шиг байна даа.

Цэрэг татлага явагдах болохоор очдог залуус нь  ихэвчлэн л ар гэрийн бололцоо муутайгаас шалтгаалан 2 жил ч гэсэн идэх хоолондоо санаа зовхооргүй байх гэсэн хүмүүс.

Нөгөө талаас манайд цэрэгт явахын сайхныг сурталчилсан компанит ажил ердөөсөө явагдахгүй юм аа. Ер нь хараад байхад дэлхийн улс орнуудад жүжигчид, дуучид, загвар өмсөгчид гэх мэт олонд танигдсан залуус цэргийн алба хаах гэдэг тал дээр үнэхээр чухал нөлөөг нийгэмдээ өгдөг юм байна лээ. Өөрсдөө цэргийн албаа хааснаар нэр хүндээ ч давхар массын түвшинд өргөж чаддаг байх юм. Гэтэл энд би л лав цэргийн алба хааж байгаа гэсэн олны танил хүмүүсийг сайн санахгүй л юм байна. Олны танил хүмүүс маань ч гэсэн үүргээ ухамсарлан олон нийтээ уриалан дуудаж цэргийн албаа хаадаг байгаасаа л гэж хүсэж байна.

Саяхан миний блог дээр коммент үлдээсэн хүний үг надад их таалагдсан. Шинэ үеийн монголын залуус брендийн хувцсаар гангарсан хоосон толгойтой солонгос сэтгэлгээтэй залуус биш харин ухаалаг, эрдэм боловсролтой эх орноо гэсэн сэтгэлгээтэй залуус байх хэрэгтэй юм шүү.  Эрчүүд минээ эх орон чинь та нараар дутаад байна шүү………….

Б.Сувд

Posted in Нийгэм Улс төр Эдийн засаг, Хамтдаа өөрчилцгөөе..., Шүүмжлэлт өнцгөөс... | Tagged: | Leave a Comment »

Малчин Сувдын бодол

Posted by suvdan on 1 сар 4, 2010

Би гэдэг хүн хөдөө газрын амьдрал гэдгийг бараг л мэдэхгүй хүн… Өвөө эмээ маань аль аль нь хотод ажил төрөлтэй гэрийнхэн маань бүгдээрээ л хот газрын амьдралд дассан хүмүүс. Мал хуй бол миний амьдралаас бүүр ч хол асуудал. Яахав монгол уламжлал, монгол наадгай тэр дундаа оньсон тоглоом, нүүдэлчин сэтгэлгээний тухай бол тайлбарлагч хүний хувьд бага сага зүйлсийг бол мэднэ л дээ. Магадгүй та одоо гайхаж багаа байх. Ийм хүүхэд яагаад гэнэт малчин болчихов оо гэж?

76 шинэ хуучин ухна ишигнүүдийнхээ үйл хөдлөлийг харсаар байгаад бүүр нэг хэзээний малчин сэтгэлгээтэй  болж дууслаа.  Хөөрхий тэр муусайн 76 ишигхэнүүд минь нэг хүн юм даа гэчихээр зүйл ховорхон хийдэг болж дээ.

Манай муусайн ишигнүүд чинь одоо бол тербумтан ишигнүүд шүү дээ. Дүн өвлийн хүйтнээр татвар төлөгчдийн халааснаас хулгайлсан тербум тербум мөнгөөрөө халаалт сайтай хашаа саравч хийлгэчихээд, хэдэн арван жилийн өвсний нөөцөө базаачихаад сууж байх юм. Малчин нь мөртлөө л бид нар малнуудаасаа муу нөхцөлд амьдарч байгаадаа заримдаа гутрах юм даа… Хөөрхий малчдын амьдралаа гэж……

Б.Сувд

Posted in Нийгэм Улс төр Эдийн засаг, Сувд...өөртөө л зориулав, Шүүмжлэлт өнцгөөс... | Leave a Comment »

Statesmen-үүд ОК, харин дунд болон анхан шатны төрийн албан хаагчид Not Ok

Posted by suvdan on 12 сар 29, 2009

Манай Монголын төрд луйвардаж гарсан хэсэг бүлэг ухвар мөчит нөхдүүдийг эс тооцвол уг нь үнэхээр хүндлүүштэй өндөр мэдлэгтэй, өргөн цар хүрээтэй сэтгэдэг хүмүүс бас ч гэж зөндөө л байна.

Сү.Батболд, Баярцогт, Сайханбилэг, Зоригт, Занданшатар гээд дурдаад байвал шижигнэсэн сайхан шинэ үеийн удирдагч нар зөндөө л байна. Бүгдээрээ л олон улсын тавцанд чанартай боловсрол олгодгоороо хүлээн зөвшөөрөгдсөн Их сургуулиудыг дүүргэсэн байх юм.  Ер нь тэгээд миний мэдэхээр жишээ нь Зоригт гуай бол хүний хувьд тун дажгүй хүн шиг байна лээ. Зун ажиллаж байхдаа 6 сарын 1-ний өдөр миний бие Эрдэс баялаг эрчим хүчний сайд Зоригт болон түүний гэр бүлийнхэнд тайлбар хийх явцдаа тэдэнтэй танилцсан юм. Биеэ авч яваа байдал нь их энгийн даруу бас ч гэж алиа яриа хөөрөө сайтай тун дажгүй ах байсан. Гэр бүлийнхэн нь ч бас тулхтай сайхан хүмүүс байдаг юм билээ. Хүүхдүүд нь жоохон мөртлөө л англи хэлээр мэргэшиж байгаа надаас илүү гарна уу гэхээс дутахааргүй хэл устай аргагүй л боловсролтой айлын хүүхдүүд.

Энэ зун бас л ажлын шугамаар Зандаршатар болон түүний гэр бүлийнхэнд тайлбар хийж байхдаа ажиглахад мөн л ухаан билиг уужим саруул цэгцтэй яриатай хүн байлаа. Ингээд бодоод байхад манай төр засгийн удирдлагууд маань уг нь ч бол болоод л байна. Зарим нэгэн сонин шийдвэрүүдийг нь эс тооцвол уг нь ч бол их л дажгүй дажгүй шийдвэрүүд гаргаад л байгаа юм.

Тэгвэл алдаа хаана гараад байнаа??? Юу нь болохгүй байнаа???

Тэгэхлээр явж явж “Шийдвэр гаргагчдын  гаргасан шийдвэрийг биелүүлдэг хүмүүс нь болохгүй байна” байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Нээрээ л бодоод байхад төрийн албанд ажиллаж байгаа 151000 хүмүүс ер нь юу хийгээд байнаа? Нэг л их ажилтай хүнд сурталтай хүмүүс. Нэг асуудал шийдүүлэхээр ороход л урдаас зүсэн зүйлийн баримт бичиг бүрдүүлж ирэхийг шаардана. Баримтуудыг нь бүрдүүлээд ирсэн ч гэсэн гар харна. Эдгээр хүмүүс л нөгөө шийдвэр гаргагчдын гаргасан тогтоол тушаал журмыг алт биш харин гууль за бүр гууль ч биш зэвэрсэн төмөр болгож байна. Тогтолцоог тэр чигээр нь өөрчилөхгүй л бол эдгээр төрийн албыг хүндрүүлэгч хувалз нараас бид нар салж чадахаа байсан бололтой.

Ингэтлээ шарх нь угжирч битүүрч идээ бээр нь гоожсон энэ нийгэм төрөө бид яах вэээээ?

Сүүлчийн сонголт: Бүхнийг хамтдаа өөрчилцгөөе

Б.Сувд

Posted in Нийгэм Улс төр Эдийн засаг | 2 Comments »

Монгол улсын хөгжилд бие хүний гүйцэтгэх үүрэг (3-н жилийн тэртээх миний бодол)

Posted by suvdan on 12 сар 29, 2009

Саяхан дэвтэр номоо янзалж байгаад дундаас нь 3 жилийн өмнө бичиж байсан багахан хэмжээний эссенийхээ нооргийг оллоо. Уншсаныхаа дараа 3 жилийн өмнөх Сувдын бяцхан гэгээн бодлыг та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.

Ямар ч улсын хувьд хөгжлийг гартаа авч явж байдаг хүмүүс нь нийгэмдээ оюуны болон материаллаг баялгыг бүтээх чадвартай бие хүн байдаг. Бидний мэдэхээр социологийн шинжлэх ухаанд нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, нийгмийн гишүүн болж төлөвшсөн, нийгмийн үнэт чанарыг эзэмшсэн хувь хүнийг бие хүн гэж тодорхойлдог. Бие хүн гэдэг нь хүний бүх шинж чанарын хамгийн “төгс” хэлбэр гэж үздэг ба энэ утгаараа мэдээж нийгэмд гүйцэтгэх үүрэг өндөр мөн хүлээх хариуцлага ч өндөр байдаг.

Өнөөдөр 21-р зуунд Монгол улс маань хөгжиж, хөгжлийн тодорхой түвшинд (бага ч гэсэн) хүрээд байгаа ч салбар салбар дээр нь авч үзвэл харьцангуй ойлголт болж хувираад байна. Энэ нь хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн орчин нөхцөл, багаж зэвсэг, шинэ техник технологийн дутагдалтай байдлаас ихээхэн хамаарч байгаа ч нөгөө талаараа боловсон хүчний дутагдал, нийгмийн гишүүдийн идэвхигүй байдал гэх зэрэг хүчин зүйлийн нөлөө ч бас дутахааргүй нөлөөлж байгаа юм.

Миний бодлоор Монгол улсаа хөгжүүлж дор хаяж бүс нутагтаа хөгжлөөр дээгүүр ордог улс болгохын тулд бие хүн бүрийн идэвхитэй оролцоо, бие хүн бүрийн ажил мэргэжилдээ эзэн болж буй байдал их чухал юм. Харамсалтай өнөөдөр хараад байхад ажил мэргэжилдээ эзэн болох нь байтугай өөрөө ч нийгэмдээ бие хүн болж төлөвшиж чадаагүй хүмүүс төр засгийн өндөр албан тушаалыг хэдэн халтар төгрөгний хүчээр хэнэг ч үгүй хашиж байх юм. Нийгэмдээ гүйцэтгэх үүргээ ухамсарлаагүй, ёс суртахууны наад захын хэм хэмжээг мэддэггүй харилцааны соёлгүй хүмүүс Монголын тулгар төрийн нэр хүндийг үнэхээр унагаж байна. Гэхдээ юм бүр 2 талтай. Нийгмийн өмнө хүлээх үүргээ биелүүлж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж амьдарч байгаа олон хүмүүс байгааг үгүйсгэх аргагүй юм. Эдгээр ажлаа мэддэг амьдралаа хэнээс ч гуйлгүйгээр аваад явдаг хүмүүсийн хүчээр Монгол улс маань бага багаар хөгжсөөр л байна…. Улам ч бүр хөгжих болно учир нь галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй эх орныхоо төлөө ажил мэргэжилдээ эзэн шиг нь байж чадах ЗАЛУУС бид байна шүү дээ.

Жон Кеннедигийн  “Эх орон чинь танд юу өгч чадахыг биш харин эх орондоо чи юу өгч чадахаа бод ” хэмээн хэлсэн нь ихэд таалагддаг. Миний хувьд би эзэмших мэргэжилдээ шилдэг нь байж, эх орныхоо хөгжлийг гартаа атгасан шинэ үеийн залуусын эхний эгнээнд алхах болно гэдгээ эх орондоо амлаж чадна. Энэ л миний Монгол улсын хөгжилд оруулах бяцхан боловч хүндтэй үүрэг минь юм.

3-н жилийн өмнөх Б.Сувд

Posted in Нийгэм Улс төр Эдийн засаг | 3 Comments »

Өөрсдийнхөө төлөө эх орноо золиослогчид

Posted by suvdan on 12 сар 24, 2009

Өнөөгийн манай Монгол улсыг бий болгохын төлөө эцэг өвгөд минь өөрсдийн сүүлчийн дусал цусаа ч үл хайрлан тэмцсээр одоогийн энэ төрт улсыг бидэнд үлдээсэн.  Нэгэнтээ яруу найрагт “Чин зүрхний амрагтаа хэлж үзээгүй мөртлөө чиний төлөө үхье гэж эх орондоо хэлсэн юм” гэж байдаг. Эх орныхоо төлөөх хайр ямагт хүнээс золиос шаардаж байдаг. Тусгаар тогтнолынхоо төлөө өвөг дээдэс минь тэмцэж явахдаа өөрсдийн хувийн ашиг сонирхлоо урдаа тавилгүй эх орныхоо нийтлэг ашиг сонирхлыг ямагт бодож ирсэн. Гэтэл өнөөдөр бидний төлөө үхэр мал мэт зүтгэе гэж төрд гарсан луйварчид эх орныхоо төлөө өөрсдийгөө золиослох биш харин өөрсдийнхөө шуналын төлөө эх орноо золиослоод байх шиг санагдах юм.

Манай луйварчид нэг сонгогдоо л бол 4 жил нөгөө өөрсдийг нь сонгосон ДЭЭДСҮҮД болох АРД ТҮМЭНТЭЙГЭЭ уулзана гэж байхгүй. Ардчилсан нийгэмд ард түмэнд хамгийн дээд эрх мэдэл байдаг бол манай монголд луйварчдад л хамгийн дээд эрх мэдэл байх юм.

Өөрсдийн хувийн ашиг сонирхлынхоо төлөө эх орноо харийн дайсанд ч худалдахаас буцахааргүй болсон хүн араатнуудыг л бид сонгочиж. Эх орон гэдэг үг өнөөгийн монголд ийм үнэ цэнэгүй болчихсон юм гэж үү? Сонгууль болох тоолонд л бид одоо ухаантай байж зөв хүмүүсээ сонгох хэрэгтэй гэж ярьдаг боловч яс юман дээрээ зөв сонголт хийх боломжыг тэд биднээс байнга л булаадаг. Ийм байхад ардчилсан сонгууль гэж бид ярих хэрэг байна уу? Эх орныгоо тэд ингэж л өөрсдийн түрхэн зуурын амьдралын төлөө золиосолдог хүмүүс….

Тэд өнөөдөр биднээс айхаа байжээ. Харин биднийг айлгадаг болсон байна. Сонгуулиас ч тэд айхаа байж. Аргач гүй юм даа өөрсдийгөө яаж сонгуулиар ялуулахаа тэд мэдэж байгаа юм чинь.  За ядаж тэгж муу аргаар гарлаа гэхэд жоохон ч гэсэн юм хийдэг болоосой. Хуулиа хэлэлцээд батлаад сууж байхын оронд өөрсөддөө тербум тербум төгрөг өгөх гээд  сууж байхымаа. Тэд эх орноо ингэж л худалддаг хүмүүс. Нэг тендэр зохион байгууллаа гэхэд оролцож байгаа компаниудаас нь хэн нь өндөр хахууль өгнө тэрийг нь л сонгоно. Энэ бол бүр тогтсон уламжлал. Өгөхгүй гэвэл хорхойтой шүдэндээ зууна. Ийм л зүйлсийг төр захиргааны байгууллагад ажилладаг бүхий л хүмүүс хэнэг ч гүй үйлдэнэ.  Ядаж байхад тэр хятдууд солонгосууд оросууд гээд тендерт оролцдог гадаадынхан нь манайхны хахуульд дуртайг ямар ч сайн мэддэгийн, ямар ч баян юм яаж аргалахаа бүр сайн мэдэх юмаа. Ингэж эх орноо худалдан байж олсон “муу” мөнгө юу болноо. Яахав тэр мөнгөө үр хүүхэддээ үлдээж болноо гэхдээ таны үр хүүхэд тэр хэмжээний мөнгийг ач гуч нарт чинь үлдээж чадах болов уу? Тэр үед та нарын үр хүүхдүүдэд эх орон нь хэрэгтэй байх болов уу тэр мөнгө нь хэрэгтэй байх болов уу? Ирээдүй гэдэг нэр үг өнөөдөр монгол улсад байгаа болов уу?

Хааяа нэг ч гэсэн үлдээд хоцрох үр хүүхдээ тэд нар боддог юм болов уу?  Уг нь боддог л бол, үр хүүхэддээ хайртай л бол эх орнооо ингэж золиосолж уг нь болохгүй л юмсан.

Б.Сувд

Posted in Нийгэм Улс төр Эдийн засаг, Хар сэдэв, Шүүмжлэлт өнцгөөс... | 4 Comments »

Үг хэлэх эрх чөлөө юу? Эдийн засгийн эрх чөлөө юу?

Posted by suvdan on 12 сар 12, 2009

1990 онд Ардчилсан хувьсгал ялж Үндсэн хуулиндаа “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал,  цуглаан  хийх эрх чөлөөтэй” хэмээн зарлан тунхагласан байдаг. Тэр ч утгаараа өнөөдөр хэн юу хүссэнээ телевизээр ярьж, сонин сэтгүүлдээ хэвлэж олон нийтэд үгээ хүргэх болсон. Зарим нь хэн нэгнийгээ муулж, зарим нь өнөөгийн нийгэм төр засгаа буруутгаж, зарим нь яаж хичээгээд хичээгээд дээшлэхгүй байгаа амьдралаа хараан зүхэн бичих юм.

Тэгээд бодоод үзэхэд бидэнд үг хэлэх эрх чөлөөг маань хангалттай сайн олгосон байх шиг санагдана.(гэхдээ өөрийгөө илэрхийлснээс болон шоронд хоригдон цэрэг цагдааныхны хяналтанд байнга байдаг сэтгүүлч, улс төр судлаач нарыг эс тооцвол) Гэтэл нөгөө талаасаа бидэнд өнөөдөр эдийн засгийн эрх чөлөө гэдэг зүйл ёстой түй ч алга. Хуулиндаа сайхан сайхан заалтуудыг баталж оруулдаг манай эрхмүүд болон тэдний ар гэр хамаатай саданд л эдийн засгийн эрх чөлөө бялуурмаар их байх юм. Тэд нэг бизнес шинээр эхлэе гэж орой нь зүүдлээд л өглөө нь тэрийгээ эхлүүлэхэд ямар ч саад тотгор алга. Нөгөө их хүнд сурталтай бусдын гарыг хардаг манай төрийн албан хаагч нар (уг нь бол тэд нар чинь civil servant буюу иргэдийн зарц шүү дээ англиар ) эрхэм түшээдийн гэрийг нь гийгүүлэгч нарыг давхиад очихоор хөлд нь дүүжлэгдээд л бүх асуудлыг нь минутын дотор л бүтээгээд өгчихнө. Тэд нарт л ёстой эрх чөлөө гээч юм байх шиг байна.

Ер нь ингээд бодохоор Хятадын 1 улс 2 систем зарчим зүгээр ч юм уу. Ард түмэнд нь эдийн засгийн эрх чөлөө нь байгаад амьдрал нь болоод байвал хэнд ер нь тэр социалист дэглэм нь хамаа байна. Хятад хүмүүс ч өөрсдөө энэ байдалдаа дийлэнхи нь сэтгэл хангалуун байдаг юм шиг байгаан. Амьдрал нь болоод  л байвал ч нээрээ л хэн л тэр дээгүүр доогуурхи хүмүүсийн шийдвэр, гадаад бодлого энэ тэрт санаа зовох вэ дээ

Уг нь бол бараг бүх телевиз л ард түмний цаг, 10 минут гэх мэтчилэн шууд үгээ хэлэх боломжыг нь олгодог нэвтрүүлэгтэй. Амьхандаа манайхан яриал байх юм нөгөө дүлий годилууд нь дүмбийгээд л суугаад байх юм.

Эдийн засгийн эрх чөлөөг ард түмэндээ олгож хүмүүсээ боломжын амьдралтай болоход нь тусалж хууль эрх зүйгээ зохицуулж авилгал хүнд суртлыг арилгахгүй л бол монголын ардчилал үг хэлэх эрхээс цааш хөгжихөөргүй болчихож.

Б.Сувд

Posted in Нийгэм Улс төр Эдийн засаг | Leave a Comment »

Түрхэн хугацааны бачимдал ба Шинэ үеийн Монголын ардчилал

Posted by suvdan on 12 сар 12, 2009

Өчигдөрхөн бид бүхэн Ардчилалын  20 жил гээд хөл хөөртэйгээр улс даяар хий хоосон хуурмаг ардчилалын багийг харан баярлав.  Хотын гудамжаар нэг Ардчилал 20 гэж хөөрсөн хүмүүс энгэртээ 50000 ширхэг одонгын нэгийг энгэртээ гялалзуулан хөөрцөглөх юм. Үүнийг тэдгээр хүмүүсийн буруу гэж тохох гэсэнгүй.

Бидэнд ийм зохиол сайтай, Холливүүдийн хэмжээнд хүрэхүйц найруулсан жүжиг тавьж өгч буй төр засгийн дээд удирдлага хэмээх жүжгийн багынхандаа  юуны өмнө баяр хүргэе? Ард түмэн бидэндээ цэнгэлийн манлай аз жаргалын дээдийг хайрлаж буй та бүхэндээ гүн сэтгэлийн талархалаа илэрхийлье гэх үү дээ?

За энэ егөөдөл ч яахав…Бидний өнөөдрийн амьдарч буй нийгэм үнэхээр АРДЧИЛСАН байж чадаж байна уу? Энэ асуултын хариултыг бодохоор талбай дээр очоод зулын гол болчихмоор санагдах юм.  Миний нүдээр бол өнөөдөр бид зүгээр л хий хоосон ардчилсан гэсэн уриан дорхи Социалист нийгмийн тогтолцоонд  амьдарч байна шүү дээ. Өнөө 1990 оноос өмнөх манай Монголын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нийгэм одоо ч гэсэн манай монголд байсаар л байна. Зах зээлд бид нар амьдарч байна гэж үү? Надаа нэг амьдарч байна гэсэн сайхан жишээ олоод хэлээд өгөөч. Өчигдөрхөн би утсаар яриулж тамхи чихэр бохь энэ тэрхэнийг зардаг ахыг хотын гудамжыг муухай харагдуулаад байна гэж загнаж байх цагдааг олж харлаа. Тэгээд хэдхэн хоногын өмнө Мийгаа багшынхаа лекцэн дээр бас үүнтэй төстэй жишээ аван ярьж байсныг санаад эргэн бодоход ХААНА ТЭР АРДЧИЛАЛ ЧИНЬ БАЙНА ГЭЖ АСУУМААР САНАГДЛАА. ХААНА БАЙГААН ТА НАРЫН ЯРИАД БАЙДАГ ЗАХ ЗЭЭЛ? Үнэнийг хэлэхэд тэр бохь зардаг ах төрөөс юу гуйгаад байгаа юм бэ? Тэр хүн надад мөнгө өг гэж төрөөс гуйхын оронд өөрийнхөө хүчээр хар хүйтэнд хэдэн хүүхдүүдээ тэжээх гээл зогсож байна шүү дээ.

Хувь хүн төрөөс ирэх хий хоосон ямар ч дарамт шахалт, авилгал өгөлгүйгээр чөлөөтэй бизнес эрхэлж болох тэр тогтолцоог л ЗАХ ЗЭЭЛ гэдэг юм бишүү????

Энэ нийгэм бидний эрхэмлэн дээдэлдэг ардчилал зөв голдирлоороо явахад тэгээд юу хэрэгтэй юм бэ? Би уг нь их л optimist хүн байгаа юм. Түрүү жил л гэхэд би энэ нийгмийг залуу үе бид ямар нэгэн өөрчлөлт хувьсгалгүйгээр засаж залруулж болно гэж боддог байлаа. Гэтэл өнөөдөр миний хувьд л лав тийм итгэл төрөхөө болилоо. Залуу үе бид нар л өнөөдрөөс өөрсдийгөө хөгжүүлж,  бидний тархийг угаагаад байгаа ЖҮЖИГЧДИЙН хий хоосон балайралд автахаа байж чадвал л бид нар энэ НОВШИЙН (хараалын үг хэлсэнд хүлцэл өчье) нийгмийг өөрчилж чадна.

Надаас өөр илүү оптимист үзэлтэй хүн байж  болохыг үгүйсгэхгүй ээ… Гэхдээ би зүгээр л одоогийн нийгмээ та нар минь дахиад жаахан анхааралтай ажаад үзээчээ гэж л хүсмээр байна.

Б.Сувд

Posted in Нийгэм Улс төр Эдийн засаг, Шүүмжлэлт өнцгөөс... | 5 Comments »