Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Soft power буюу Зөөлөн хүч

Posted by suvdan дээр Зургаадугаар сар 19, 2011


“Дэлхий дээр 2 төрлийн хүч байдаг бөгөөд тэр нь зэр зэвсэг, оюун ухаан юм. Цагийн явцад оюун ухаан нь зэр зэвсгийг үргэлж дийлж байдаг”                                                                                                                                        Наполеон

Зөөлөн хүч гэдэг нь хүсэж байгаа зүйлээ хүч, албадлага хэрэглэх бус зөвшилцөл, ятган итгүүлэх, татан дагуулалтаар олж авахыг хэлнэ. Энэхүү онол нь Харвардын Их Сургуулийн эрдэмтэн Жозеф Най-ийн 1990 онд хэвлэгдсэн Bound to lead: The Changing Nature of American Power хэмээх номонд анх дурдагдсан байдаг. Ийнхүү энэ ойлголтыг  цааш нь өөрийн 2004 онд гаргасан бүтээл болох “Soft Power: The Means to Success in World Politics”д илүү дэлгэрүүлэн судлан бичсэн.

Жозеф Най-аас  өмнө олон эрдэмтэд үүнтэй төсөөтэй санааг дэвшүүлж байсан. Бүр 7-р зууны үед Хятдын философчид “зөөлөн нь хэрхэн хатуугаа иддэг” талаар сургааль зохиолдоо тэмдэглэж үлдээж байсан бол хожим нь Грамскигийн ноёрхол, Боурдиүгийн бэлгэдлийн хүч, Веберийн эрх мэдэл, Фоукалтын сахилга батын хүч болон Хабермасын харилцаа холбооны хүчний тухай үзлүүд гарч ирсэн ч олон улсын харилцааны голлох чиглэлийн судлаачид хүч чадавхын материаллаг бус талд анхаарал хандуулаагүй байна. ОУХ-ны Конструктивистүүд мөн зөөлөн хүчтэй ижил санааг гаргаж байсан ч бас л үл ойшоогдсон байна.

Дэлхийн улс төрд улсын зөөлөн хүч нь ерөнхийдөө дараах гурван тулгууртай байна: соёл иргэншил (бусдыг татах),  улс төрийн нэр хүнд (дотооддоо болон хилийн чандад санасандаа хүрэх), гадаад бодлого (хууль ёсонд нийцсэн хийгээд ёс суртахуунтай харагдахуйц).

Хүч чадал гэдгийн үндсэн ойлголт нь хүсэж буй зүйлдээ хүрэхийн тулд бусдад нөлөөлөх чадвар билээ. Үүнд гурван арга замаар хүрч болно.

1. Албадлага заналхийлэл (ташуур)

2. Мөнгө (шан харамж)

3. Бусдыг татан дагуулах (элсүүлэх урвуулах)

Зөөлөн хүч нь үүний гуравдах арга бөгөөд хэрэв чиний хүсэж буй зүйлийг бусад нь хүсэж, чи бусдыг хүсүүлж чадахуйц нөлөөлж чадвал энэ нь албадлага заналхийлэл болон эдийн засгийн арга хэрэглэхээс илүү хямд бөгөөд эрсдэлгүй байх болно.

Най материаллаг бус нүдэнд үл харагдах эх үүсвэрээс бий болж буй хүч нөлөөнд илүү ач холбогдол өгсөн. Энэ эерэг имиж нь тухайн улсын явуулж буй гадаад болон дотоод бодлого, үйл ажиллагаа болон нарийвчлан онцгойлсон бие даасан бодлого (жишээ нь соёлын бодлого)-оос бий болох бөгөөд энэхүү эерэг имиж нь хүндлэл бишрэлийг бий болгож байдаг. Энэхүү хүндлэл бишрэл нь маш хүчтэй байх тохиолдол байдаг бөгөөд энэ нь бусад улсууд тус улсын бодлого үйл ажиллагааг дууриах, үлгэр жишээ авах гэх мэтээр илэрч болох юм.

Зөөлөн хүч нь хамтын ажиллагаа, эдийн засгийн тусламж дэмжлэг, соёлын солилцоо гэх мэт олон нийтэд эерэг хандлагыг бий болгох үйл ажиллагаагаар дамжин улам сайжирч болно.

2003 онд Ойрхи Дорнодод явуулсан үйл ажиллагаанаасаа болж ихээхэн сөрөг имижтэй болсон АНУ 2005 оны Зүүн Азийн газар хөдлөлт, энэтхэгийн далайн цунамигийн дараа явуулсан АНУ-ын цэргийн сэтгэл хөдөлгөм хүмүүнлэгийн ажиллагаа нь түүний татан дагуулах чадвараа олоход ихээхэн хувь нэмэр болсон юм. Гэхдээ үүний эсрэгээр цэргийн хүчийг буруугаар ашиглах нь зөөлөн хүчийг бас устгаж байдгийн нэг жишээ бол ЗХУ байсан юм. Дэлхийн II дайны дараа ЗХУ зөөлөн хүч чадлын бодлого явуулж төдий чинээ нэр хүндийг бий болгосон байсан боловч түүний Чехословак, Унгарын эсрэг хийсэн цэргийн ажиллагаа нь дээрхийг нуран унагасан юм.

Олон талаараа Засгийн газрууд зөөлөн хүчийг удирдах хэцүү байдгийн гол шалтгаан нь зөөлөн хүчний олон гол арга хэрэгслүүд нь засгийн газрын удирдлагаас гадуур байдаг бөгөөд тэдгээр нь олон нийтийн санаа бодол, хэр хүлээж авах эсэхээр тодорхойлогддог.  Зөөлөн хүч нь мэдээж бүх зүйлийг шийдвэрлэх гол хүч болж чадахгүй байж болох ч ардчилал, хүний эрхийг тогтоох гэх мэт бусад зорилгыг биелүүлэхэд ихээхэн нөлөөтэй.

Өнөөгийн дэлхийд мэдээлэл бол цэвэр хүч юм. Харин өдгөө дэлхийн хүн амын дийлэнхид энэ хүчийг эзэмших боломж байна. Энэ нь мөн л хүч чадлын тухай ойлголтод шинэ хуудсыг нээж байна.

Зөөлөн хүчний эх сурвалжууд нь үзэл санаа, имидж, ноу-хау, соёл уламжлал гэх зэрэг олон зүйл байж болно. Гэхдээ гол бодит хүчин зүйлүүд үүнд нөлөөж байдаг.

  • Соёл иргэншил- Тухайн улсын хэл, урлаг, уран зохиолоос эхлүүлээд хувцас, хоолны соёл гэх мэт соёлын бүхий л элементүүдийг багтаан үзэж болох бөгөөд энэ нь аль болох дэлхий нийтийг хамарсан шинжтэй, бусдын сонирхлыг бий болгохуйц байх нь чухал бөгөөд ингэснээрээ зөөлөн хүч чадлын маш чухал арга хэрэглүүр болж байдаг. Жишээлбэл, энд АНУ-ын соёлын элементүүдийг дурдаж болох юм. Холливуудын кинонууд, алдартай дуучид, хувцас, кока кола гэх зэрэг бүгд сонирхол татахуйц соёлын дэлхийн бэлэг тэмдэг болж чадсан билээ.
  • Цагаачлал нь зөөлөн хүчний тархалтанд маш чухал үүрэгтэй байдаг. Тухайлбал, Энэтхэг, Хятад гаралтай олон мянган гадаад дах иргэд улсынхаа соёл бодлогийг таниулахад өндөр үүргийг гүйцэтгэсээр иржээ.
  • Гадаад бодлогийн хэв загвар. Гадаад бодлогыг тодорхойлохдоо илүү олон нийтийг хамарсан байвал бусдыг хамтын ажиллагаанд татаж чадна. Тухайлбал, хүйтэн дайны үед АНУ холбоотон улсуудаа татахдаа “ардчилал, эдийн засгийн либералчилал” гэх зэрэг нийтлэг эрх ашгийг хөндөж байсан билээ. XXI  зууны хувьд нийтийг хамарсан зорилтуудад олон улсын дэг журам, үй олноор хөнөөх зэвсгийг хязгаарлах, терроризм хар тамхитай тэмцэх, худалдаа эдийн засгийг дэмжих  болон байгаль орчны асуудлууд зэргийг авч үзэж болох юм.
  • Хүмүүнлэгийн үйл ажиллагаа, зээл тусламж
  • Мэдээллийн технологийн хөгжил
  • Олон нийтийн дипломат ажиллагаа

 

Дээрхи эх үүсвэрүүд байна гэдэг нь шууд амжилттай зөөлөн хүчтэй байна гэсэн ойлголт биш юм. Эдгээрийг зөвөөр бодлоготойгоор ашиглаж байж зөөлөн хүчийг бий болгох боломжтой. Жишээ нь, сэтгэл татам соёлтой байна гэдэг нь улсын зөөлөн хүч болж чадахгүй. Харин тухайн соёлыг ашиглан бусдыг тодорхой чиглэлд хөдөлгөж чадаж байвал тэр нь зөөлөн хүч юм. Зөөлөн хүчний сурвалжуд нь “нөлөө” болж чадах хүртэл эдгээр нь зөөлөн хүч биш юм.

Б.Сувд

Нэг хариулт to “Soft power буюу Зөөлөн хүч”

  1. Chimka said

    Баярлалаа, миний дипломын ажилд их тус болж байна

Сэтгэгдэл бичих