Altan Gerege – Made by Mind

I believe that one of life's greatest risks is never daring to risk.

Хатуу Хүч ???

Posted by suvdan on 6 сар 19, 2011


Хатуу хүч хэмээх нэр томъёо нь олон улсын харилцаанд хэрэглэгддэг. Хатуу хүчний онол нь цэрэг эдийн засгийн арга хэрэгслээр бусад улс төрийн бүлгүүдэд, улс гүрнүүдийн ашиг сонирхол, зан үйлд нөлөөлөх тухай номлосон ойлголт юм. Уг нэр томъёог ихэвчлэн зөөлөн хүчтэй эсрэгцүүлэхэд ашигладаг.

Хатуу хүч нь бүх цаг үед байсаар л ирсэн боловч Жозеф Най тусгаар тогтносон улсын гадаад бодлого дах хүчний шинэ хэлбэр болгож “Зөөлөн хүч” хэмээх шинэ нэр томъёог гаргахдаа зэрэгцэн хатуу хүч гэж яригдах болсон байна.

Реализмын хамгийн чухал элементүүд нь хүч болон улсыг удирдах чадвар билээ. Энэ уламжлал Томас Гоббсын бүтээлд тусгалаа олсон байдаг ба тэрээр мөнхийн дуусашгүй хүний хүсэл бол “хүч бас дахиад хүч” хэмээн үзсэн байдаг. Гоббс “Левиатан”-даа хүчний хэмжүүрийг нэмж зөвхөн цэргийн хүчээ зузаатгахаас гадна эдийн засаг санхүүгийн хүчээ нэмэгдүүлэхийг номлосон байдаг.

Реалист онолын залгамжлагч сэтгэгч Ханс Моргентау улсын хүчин чадлыг хэмжих хэмжүүрүүдийг дэлгэрүүлэн судалсан байдаг: “Олон улсын улс төрд улсын улс төрийн хүчин чадлыг бий болгох хамгийн чухал хүчин зүйл бол цэргийн хүч юм”

Хатуу хүчний хамгийн илэрхий тод жишээ нь цэргийн оролцоог ашиглах явдал юм. ХХ-р зуунд л гэхэд ийм жишээ олноороо бий: Дэлхийн 2-р дайныг өдөөсөн Германы Польш руу хийсэн дайралт, Афганистаны Марксист Засгийн Газрыг дэмжих зорилгоор ЗХУ 1979 онд Афганистан руу дайрсан явдал, 2003 оны Иракт явуулсан АНУ-ын ажиллагаа гэх мэтийг дурдаж болох юм.

Ийм цэргийн хүчнээс гадна эдийн засгийн дарамт шахалт нь ч ижил үр дүнг бий болгож болно. Жишээлбэл, Куба, Ирак, Иранд тавьсан АНУ-ын худалдааны хориг арга хэмжээнүүд.

Улсын Олон улсын тавцан дах “имиж” нэр хүндийг анхаарч үзэлгүй хатуу хүчний стратегийг ашиглах нь олон сөрөг үр дагаварыг бий болгодог. Хэрэв улсын гадаад дах итгэл төрүүлэх найдвартай байдал муудвал олон улсын хамтын ажиллагаа буурахтай зэрэгцэн харилцан итгэлцэх байдал үгүй болсноор тухайн улсын зорилгодоо хүрэх чадамж үгүй болно. Саддам Хуссейнийг хүчнээс нь унагааж, Иракт бий болгосон мөргөлдөөнт байдал АНУ-д олон талаар таагүй байдлыг олон улсын тавцанд бий болгосон юм. Анти-Американизм нэмэгдэж, АНУ-ын гадаад бодлогот итгэл алдсан байдал өссөн нь судалгаагаар тодорхой болж байсан билээ.

Ханс Моргентау ба Улсын хүч чадлын элементүүд

Ханс Моргентау нь ХХ зууны олон улсын улс төр судлалын гол судлаачдын нэг билээ. Тэрээр олон улсын харилцааны онол болон олон улсын эрх зүй судлал чухал хувь нэмрийг оруулсан бөгөөд түүний “Үндэстэн хоорондын улс төр: Хүч болон Энх тайвны төлөөх тэмцэл” хэмээх ном нь анх 1948 онд хэвлэгдсэнээсээ хойш олон удаа дахин хэвлэгдсэн бөгөөд АНУ-ын их сургуулиудын энэ чиглэлийн хамгийн өргөн ашиглагддаг сурах бичиг болсон бүтээл юм.

Тус номныхоо 9 дэх бүлэгт тэрээр улсын хүч чадлын элементүүдийг тодорхойлсон бөгөөд тэдгээр нь:

  • Газар нутаг
  •  Байгалийн баялаг
  • Үйлдвэржилтийн чадамж
  • Цэргийн бэлэн байдал
  • Хүн ам
  •  Улсын өвөрмөц байдал
  • Улсын морал
  • Дипломат ажиллагааны чанар
  • Сайн засаглал
Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: